Мэдээ

2014-05-12
Тус компани нь 1990 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой ажиллаж,  монгол үндэсний сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, наадгай, гар урлал, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байгаа бөгөөд, бүтээгдэхүүнийхээ нэлээд хэсгийг гадаад орнуудад нийлүүлдэг. 
 
Дэлхийн бараг бүх улс орны оюуны гайхамшиг болсон хэдэн мянган тоглоом наадам бүхий 4 том заал, 9 танхим, өөрийн нэрийн барааны дэлгүүр бүхий  оюун ухааны музейтэй.
 
Энэ нь Монголын цорын ганц хувийн музей болно. Энэ музейд дэлхийд гайхагдсан, аль ч оронд байдаггүй ховор нандин үзмэрүүд байдаг. Тухайлбал: Дэлхийн хамгийн жижиг, хамгийн том Монгол шатар, оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, модоор бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий 200 гаруй шатар, Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Пирамид, Маугли, сүм дуган, орд харш, Далайн бцяхан гүнж, 5000 гаруй үйлдэл хийж угсардаг 673 ширхэг модны сансрын оньсон хөлөг, Мики Маус, Том  Жерри хоёр, Муур багш, хүүхэлдэй зэрэг оюуны гайхамшиг болсон оньсон үзмэрүүдтэй. Хамгийн жижиг монгол шатрын дүрсүүд 5-10 мм бол хамгийн том шатрын дүрсүүд 35 см суурьтай 55 см-ийн өндөртэй бөгөөд хөлгийн урт 7м 60см болно. Хар талыг Чингэсийн үеийн баатруудаар цагаан талыг орчин үеийн эрийн гурван наадмаар бүтээсний дээр тухайн үеийн бодит хүмүүсээр дүрсэлснээрээ дэлхийн соёл урлагийн санд зайлшгүй орох хосгүй гайхамшигт бүтээл юм.  Ийм бүтээл тус музейд маш олон бий.
 
Зөвхөн оньсон Монгол шатрын иж бүрдэл гэхэд л шатрын бүх дүрсүүд нь эзэнтэйгээр “Хош” шатрын монгол уламжлалаар зохиогдсон бөгөөд дүрсийн 4-6 ширхэг эд ангиуд нь огторгуйн гурван тэнхлэгт огтолцон гүйж, 18 хүртлэх оньсоор өөр хоорондоо дахин давтагдахгүй аргаар оньслогдон угсрагдаж задардгаараа оюун  ухааны, сийлбэрийн зохиомж, хийц, хэлбэр дүрсээрээ соёл урлагийн гайхамшигт бүтээлд зүй ёсоор ордог.  Бүх шатрын дүрсүүд нь 160 ширхэг эд ангиас бүрддэгийн дээр шатар, хөлөг бүхий ширээ, хос сандалд 18 төрлийн 1022 ширхэг үнэт чулуу суулгаж өгсөн. Энэ шатрын зөвхөн ноёнг 10 минутад угсарсан хүнд өгөх 10000 долларын бооцоонд дэлхийн 177 орны зочид төлөөлөгчид оролцоод байгаа.  Энэ монгол шатрынхаа иж бүрдлийн, модоор бүтээсэн нэг хувийг 1998 онд олон улсын шатрын холбоонд бэлэглэхэд ерөнхийлөгч К.Илюмжинов сая  доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн ховор бүтээл гэж үнэлээд, зохион бүтээгчийг нь Олон улсын  шатрын хөдөлгөөний хөгжилд том хувь нэмэр орууллаа  хэмээн “Хүндэт жуух”-аар шагнасан. Мөн энэ үзэсгэлэнд 100000 долларын бооцоотой 33 оньс гүйж байж задарч угсрагддаг 5 кг цэвэр мөнгөөр бүтээгдсэн оньсон   яст мэлхий байдаг.