Музейн тухай


ОЮУН УХААНЫ ОЛОН УЛСЫН МУЗЕЙ 1990 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд Монголын анхны хувийн музей юм. Нийт 130 гаруй улс орны оюун ухааны 11000 бүтээл тавигдсан байдаг. Тэдгээрийг үндсэн 15 зүйл ангид хуваан хүмүүст ойлгогдохоор байршуулан тавьж ирсэн үзэгч болгонд музейн ажилтан дагуулан үзүүлж тайлбарлан ойлгуулдаг. Үзмэрийн ихэнх нь шинжлэх ухааны бүхий л салбарыг тоглоом наадмаар хялбаршуулан ойлгуулсан бүтээлүүд байдаг. Үзэгчид зөвхөн үзэх биш бас тэдгээрт хүрч, тоглож ойлгож мэдэж авдаг нь музейг үнэхээр сонирхолтой болгодог байна. Зарим нэгэн үзмэрүүдийг дурдьвал:

  • Хоёр ширхэгээс эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньс байдаг. Хоёр модны оньсийг задлаж угсрахад нэг хөдөлгөөн хийдэг бол 673 модны оньсонд 56831 хөдөлгөөн ордог байх жишээтэй. Мөн урлагийн бүтээлүүдийг оньсоор хийсэн нь зөвхөн Монголд л байдаг. Ертөнцийн долоон гайхамшигийг оньсоор хийснээс эхлээд оньсон сансрын хөлөг, оньсон гэр, оньсон хүн, оньсон сүм хийд байшин барилга... гээд гайхамшигт олон бүтээлүүд бий.
  • Дэлхийн хамгийн том шатар хөлөг нь 7,6 м хэмжээтэй ромбо хэлбэртэй бөгөөд хөлөг болон дүрсүүд нь оньсоор угсрагдан задарч эвлүүлэгддэг. Хар талыг нь Монгол улсын түүх, түүхэн бодит хүмүүс болох Чингис хаан, Цогт тайж, Мандухай цэцэн хатан зэргийг танигдахаар бүтээж, цагаан талыг нь орчин үеийн Монгол одоогийн нэрт хүмүүсээр сийлбэрлэн бүтээжээ. Мөн хамгийн жижиг буюу 4 мм дүрстэй 10 см хөлөгтэй ясан шатар зэрэг нийт дахин давтагдашгүй 560 гаруй шатар уг музейд байдаг
  •  Физикийн энерци, оптикийн хууралт, тэнцвэр, чөлөөт уналт зэрэг олон хуулиар бүтээгдсэн хэдэн зуун бүтээлүүд бий.
  •  Илбийн 30 гаруй үзүүлбэр үзүүлдэг.
  •  Дэлхийн 100 гаруй орны 1000 гаруй хүүхэлдэй байдгаас 3000 гаруй жилийн өмнөх булшнаас олдсон хүүхэлдэй хүртэл байдаг.
  •  Музейд том, жижиг эртний монгол гэрүүд байдаг ба гэрүүдийг цэвэр алт мөнгө үнэт чулуунуудаар бүрэн тоноглосон байдаг байна.

      Тус музейд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган үзэгчид сонирхон ирж үздэг бөгөөд  гадаад дотоодын олон телевизүүд нэвтрүүлэг, баримтат кинонууд хийдэг байна.