Музейн үндэслэгч З.Түмэн-Өлзийн намтар


З.Түмэн-Өлзий нь 1944 онд Завхан аймгийн Нөмрөг сумын нутаг “Агуйтын” өвөлжөөнд Зандраагийн 4-р хүү болж төрсөн. Аав ээжээсээ 11-үүлээ. Аав Зандраагийн эцэг Дашпунцаг, ээж Хушаан нар нь малчин ардууд байсан бөгөөд З.Түмэн-Өлзийн аав Зандраа, ээж Ханджав нар нь мөн мал маллаж байгаад 1956 онд Нөмрөг сумын анхны “Эх эхлэлт” нэгдэлд гишүүнээр элсэж, мал маллах, туслах бригадад мужаан зэрэг ажил хийж байгаад 1968 онд УБ хотод шилжин ирж Аж үйлдвэрийн Комбинатын хайрцагны цехэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч, аав Зандраа нь 1986, ээж Ханджав нь 1994 онд тус тус ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Аав Зандраа нь 1938 онд Байтагбогдод хасгуудтай, 1939 онд Халх голд Япончуудтай байлдаж “Бид ялав” , “Халх голын” ойн медалуудаар удаа дараалан шагнагдаж байсан. З.Түмэн-Өлзийн өвөг дээдэс, аав ээж, ах дүү нар нь ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй.

З.Түмэн-Өлзий нь 1967 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат Д.Сийлэгмаатай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсний дээр бүх хүүхдүүдээ гадаад орнуудад явуулж суралцуулан өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлж, хүүхдүүд нь одоо НҮБ болон бусад газруудад ажил алба хашиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

 

З.Түмэн-Өлзий нь 1965 онд ЭЗДСургууль,1979 онд Намын дээд сургууль, 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан Ардын их сургуулийг тус тус дүүргэсэн, нягтлан бодогч, эдийн засагч, Улс төрийн дээд боловсролтой. 1965 оноос 1988 онуудад Завхан аймгийн Тосонцэнгэл, УБ хотын мод боловсруулах үйлдвэрүүдэд ахлах, Ерөнхий ня-бо, санхүүгийн хэлтсийн дарга, орлогч дарга, Намын дарга зэрэг ажлуудыг хийж, ажилласан байгууллагуудынхаа ажлыг сайжруулж арга туршлага нь хэвлэл номонд гаран, сайшаал шагнал хүртэж хот, дүүргийн намын бага хуралд төлөөлөгчөөр байнга оролцон, хот, дүүргийн Намын хорооны гишүүнээр удаа дараалан сонгогдож байсан юм.

 

н.Түмэн-Өлзий нь сурч боловсрох, ажиллах хугацаандаа 1955 оноос эхлэн өөрийнхөө багын авьяас сонирхлын дагуу одооны хийж буй Үндэсний тоглоомыг судлах сурталчлах, зохион бүтээж хөгжүүлэх, улмаар дэлхийн дэвжээнд гаргах нөр их ажлыг давхар хийж байгаад 1988 оноос дагнан хариуцаж, 1990 онд МО ТҮ ӨВ Компани болон Оюун ухааны олон улсын музейгээ үүсгэн байгуулан ажиллаад зохих амжилтанд хүрсэн юм. Түүний ажлын амжилтыг гадаад дотоодын ном, сэтгүүл, телевиз радио гээд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр байнга сурталчилж, олон түмний хүртээл болгосоор байна. З.Түмэн-Өлзий нь 5,6,7,8-р таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, “ШБОС”, “Шинийг санаачлагч цол тэмдэг” Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Хүүхэд залуучуудын газрын  “алтан”медаль, МҮХАҮ-ын танхимын “Хийморын одон”, ХЭАХН-ий “Итгэлт бизнесмэн”, Монголын хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн нөхөр буяны эзэн”, Монголын Ёс заншил судлалын олон улсын холбооны “ Буянт үйлстэн” шагналаар тус тус шагнагдаж Баянгол дүүргийн хүндэт дэвтэрт бичигдэн, Баянзүрх дүүргийн засаг даргын хүндэт өргөмжлөл хүртсэн болно. Мөн 1994 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч, 1998 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг, Нүүдлийн Соёл иргэншлийн олон улсын төвийн Эрдэнийн Очир мөнгөн одон, Дэлхийн шатрын холбоо, Халимагийн ерөнхийлөгчийн хүндэт жуух, олон улсын үзэсгэлэнгүүдийн тэргүүн шагналууд (Гран при) алт, хүрэл медалиар шагнагдсан Чингис Хааны Дэлхийн Академийн Академич хүн юм. З.Түмэн-Өлзий  нь төрөл бүрийн оньсон тоглоом, оньсон хайрцагнууд, эвхдэг ширээ сандал, үртэсний зуух, өдөн цэцэг, түүний ваар сав гээд 5 шинэ бүтээл, 300-аад бүтээгдэхүүний загварт хамаарах 3000-аад зүйл зохион бүтээж, холбогдох 5000 гаруй хуудас тодорхойлолт, томъёолол, техникийн шугам зураг зурж эрхийг нь хамгаалан олон улсын хэмжээнд баталгаажуулж патентуудыг нь авсан. Энэ бүхний эх хувь нь Монгол улсын Оюуны Өмчийн газарын Алтан фондод хадгалагддаг болно.

Тууж, уянгын болон шог хошин өгүүллэг, сурвалжлага, ниитлэлийн 4 ном туурвисан байна. Мөн 300-аад хөрөг болон уран зураг зурсан.

 

З.Түмэн-Өлзий нь Монгол ардын 15 ангийн тоглоом наадам, өөрийн зохион бүтээсэн 3000 шахам хувилбар бүхий төрөл бүрийн оньсон бүтээл, уран зураг, дэлхийн улс орнуудын оюуны болон шинжлэх  ухааны тоглоом наадам зэрэг арван мянга гаруй үзвэрийг багтаасан Оюун Ухааны Олон Улсын Музей болон МО ТҮ ӨВ Компанийг 1990 онд үүсгэн байгуулж өргөтгөн хөгжүүлсээр одоо музей нь гадаад дотоодын төлөөлөгч, жуулчид зорьж ирж үздэг хамгийн олон үзэгчидтэй музей болж, тус компанийн гадаад харилцаа өргөжсөөр байна.

Иймээс ч музейн барилгын багтаамж хүрэлцэхээ больж үзмэрүүд нь багтахаа байсан тул тус компани 2004 онд маш өвөрмөц хэлбэр загвар бүхий шийдэлтэй 4 давхар барилга барьж музейгээ өргөтгөсөн нь гадаад дотоодын үзэгчдийн сонирхлыг улам илүүтэй татах болсон юм. Мо Тү Өв компани нь 1958 онд байгуулагдсан Оньслох Ухааны Олон Улсын Академтэй хамтран 2004 оны 8 дугаар сард 42 орны төлөөлөгч оролцсон Оньслох Ухааны Зохион Бүтээгч, цуглуулагчдын Чуулга уулзалтыг Оюун Ухааны Олон Улсын Музейгээ түшиглэн зохион байгуулсан нь Монгол орныг дэлхийд сурталчилсан том арга хэмжээ болсон юм.

 

Мо Тү Өв компани нь 1990 онд оньсон тоглоом хийдэг модны цех байгуулан ажиллаж энэ хугацаанд 200000 гаруй тоглоом үйлдвэрлэн гадаад дотоодын хэрэгцээнд нийлүүлж, тоглоом үйлдвэрлэх нь гар ажиллагаа, чимхлүүр ажил ихтэй, ашгийн түвшин багатай ч гэсэн улсад орлогын  ЭМ, НДШ зэрэгт 20 гаруй сая төгрөг төлсөн билээ. Мөн төрсөн нутаг Нөмрөг сумандаа 1998 онд 1 сая төгрөг, 2004 онд 3 сая төгрөгийн үнэ бүхий модны суурь машинууд хандив болгон өгч, Завхан аймгийн Улиастай хотын Соёлын төвд буй өөрийн нэрэмжит шатарын клубт 1 сая шахам төгрөгийн үнэ бүхий алт мөнгөн шатар болон тэмцээнд ашиглах шатаруудыг өгсөн гэх мэт тусламж үзүүлж, З.Түмэн-Өлзийн нэрэмжит шатарын тэмцээнийг жил болгон Завхан аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж түүний бай шагналыг нь З.Түмэн-Өлзий гаргадаг болоод байна. Монголын хүүхдийн байгууллага байгуулагдсаны  75 жилийн ойгоор Монголын хүүхдүүдэд 1,5 сая төгрөгийн тоглоом наадам хандив болгон өгсөн болно. 1998 онд Халимагийн нийслэл Элистэй хотод болсон дэлхийн шатарын 33-р олимпод үзэсгэлэн гаргаж “ Аваргын Оньсон Шатар” хэмээх 1992 онд өөрийн бүтээсэн бодит дүрстэй оньсон шатрыг ширээ, сандлын хамт дэлхийн шатрын холбоонд бэлэглэхэд, Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “ сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн бүтээл” хэмээн үнэлж, хүндэт жуухаар шагнасан билээ.

 

Мо Тү Өв компани нь Монгол үндэсний тоглоом, гар урлалын ховор нандин бүтээлүүдийг сурталчлан дэлхийн 52 оронд зохион байгуулагдсан 80 шахам үзэсгэлэн яармагт оролцсоноос, 2000 онд Германы Хановерт болсон дэлхийн экспод амжилттай оролцож, одоо Японы Айчи 2005 дэлхийн экспод мөн оролцож  Монголчууд оньслох ухаанаараа дэлхийн улс орнуудаас хол тасархай түрүүлжээ гэдэг нэгдсэн ойлголт, үнэлэлт дүгнэлтийг олон улсын мэргэжлийн байгууллагууд болон оньс сонирхогч, цуглуулагч, эрдэмтэн судлаачид, зорьж ирж үздэг гадаад орнуудын үзэгчдээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлээд байгаа нь тус компанийн болон Оюун Ухааны Олон Улсын  музейн сүүлийн 10 гаруй жилийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн юм. Ииймээс компани болон оюун ухааны олон улсын музей, монгол оньсны талаар дэлхийн улс орнуудын тоглоомын каталогид байнга ордог болж, оньслох ухааны олон улсын академи энэ талаар баримтат кино хийн 2002 онд дэлхий даяар сурталчилсан бөгөөд одоо тусгай ном хийж байна. Мөн Музейн талаар хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд орж, З.Түмэн-Өлзий нь энэ нэвтэрхий толийн хамтарсан зохиогчоор ажиллаж, Монгол үндэстний тоглоомын төрөл ангиудаас хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд оруулж нийтийн хүртээл болгожээ.

 

З.Түмэн-Өлзийг “Монголын алдарт хүмүүн 21 зуун” Алтан номынхоо анхны дугаарт, Монголын алтан номын редакцийн зөвлөл, Монголын соёлын сан оруулжээ. Мөн З.Түмэн-Өлзийг Монгол улсын хуулийн дагуу “Утга соёлын өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөсөн” Монголын билиг авьястнуудын улсын жагсаалтын 11-рт үндэсний тоглоомоор нь бүртгэсэн болно.

 

З.Түмэн-Өлзий нь одоо өөрийн үүсгэн байгуулсан МО ТҮ ӨВ Компанийн ерөнхий захирал, зохион бүтээгчээр амжилттай ажиллаж Монгол үндэсний тоглоомын арвин баялаг өв сан, арван мянга гаруй дахин давтагдашгүй үзмэр бүхий “ Оюун ухааны олон улсын музейгээ” түшиглүүлэн хүүхдийн оюун ухааныг багаас нь системтэй хөгжүүлэх сургалт явуулах бүх бэлтгэлээ бүрэн хангаж энэ оны хүүхдийн баяр буюу 6 дугаар сарын нэгнээр нээж үйл ажиллагаагаа эхлэхээр болоод байна. Ер нь н.Түмэн-Өлзий нь өөрийн ухамсарт амьдралыг хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшил, Монгол хүний оюун ухааныг дэлхийн түвшинд гаргах, түүнийг хөгжүүлэх нөр их үйлсэд зориулан Монголын ард түмэн оюунлаг гэдэг бодит үнэлэмжийг хүн төрөлхтөнд ойлгуулах гэсэг өөрийн мөрөөдлөө биелүүлж байгаа цуцалтгуй хөдөлмөрч бүтээлч хүн болохыг түүний ажил амьдрал, санаачлан байгуулсан “Оюун ухааны олон улсын музей” бэлхнээ батлан харуулж байна.